Түвшин

Wednesday, December 9, 2009

Нүд ертөнцийг харах цонх, таныг илэрхийлэх толь

Нүд ертөнцийг харах цонх, таныг илэрхийлэх толь
Дэлхий нийтийг цочроосон гахайн ханиад болох хүний томуугийн А хүрээний Н1N1 вирүсийн тархалт манай улсад тархахтай зэрэгцэн нүдний ханиад өвчин ихэссэн гэх яриа гадуур тархав. Энэ өвчин нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа тухай манай сонин сурвалжлагаараа хүргэж байсан.

Харин энэ удаа нүд хуурайших хам шинж өвчин юунаас болж үүсдэг, юу нөлөөлдөг, үүнээс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх талаар хүргэж байна.,,,,,,,,,,,,,,,,,,,,


Нүд хуурайших хам шинж өвчин юунаас үүсдэг вэ

Нулимс хангалтгүй боловсорсноос нүд хуурайших хам шинж өвчин үүсдэг аж. Бид уйлах үедээ эсвэл нүдэнд юм ороход л нулимсаа мэдэрдэг. Гэтэл нүдний гадаргууг байнга чийглэг байлгахын тулд нулимс зогсолтгүй, тогтмол үйлдвэрлэгдэж байх ёстой аж. Мөн нулимс хүний нүдийг гадаад орчноос хамгаалах үүрэгтэй шингэн гэж нэрлэдэг.

Нүд хуурайших хам шинж өвчнөөр өвчилсөн үед нулимсны найрлага алдагдаж улмаар нүдний гадаргууг хатахад хүргэж, үүнээс үүдэн нүд хуурайшилтын шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ өвчинд юу нөлөөлдөг вэ

Нүд хуурайших хам шинж өвчинд бидний амьдарч буй орчин, гадаад хүчин зүйл болох хүчтэй салхи, хуурай уур амьсгал, агаарын бохирдолт, тоосжилт, тамхины утаа нөлөөлдөг байна. Мөн бидний өдөр тутмын хэрэглээ болсон телевиз, компьютерийн өмнө удаан суух нь энэ өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг. Мөн нүдээ цөөн анивчих нь гол нөлөө болдог аж.

Мөн насжилттай холбоотойгоор энэ өвчнөөр өвчлөх нь элбэг тухай эмч мэргэжилтнүүд ярьдаг. Жишээлбэл, хүн нас ахих тусам нулимсны боловсруулалт нь багасдаг байна. Хүний нулимс багасах нь нүдийг хуурайшуулж, улмаар хараанд ч сөргөөр нөлөөдөг байна.
Хүн өөрийгөө илтгэх толь болсон мэлмийгээ хайрлаж эрүүл байлгах нь тухайн хүнээс шалтгаалдаг гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ зарим ерөнхий өвчин тухайлбал, харшил, цусны даралт ихсэх, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, хэрлэг, мэдрэлийн өвчнүүд тэр дундаа нүдний даралтаас болсон цус харвах өвчний дараагаар нүд хуурайших хам шинж өвчнөөр өвчлөх нь их байдаг. Мөн зарим нэг эмийн гаж нөлөө тухайлбал, жирэмслэлтийн эсрэг, нойр, харшлын эсрэг, дааврын өөрчлөлт, буюу цэвэршилт, хоолны дэглэм барих эм хэрэглэхэд төдийгүй контакт линз зүүхэд ч нөлөөлдөг байна.

Үүнийг хэрхэн эмчлэх вэ

Нүд хуурайших хам шинж өвчнийг эмчлэхдээ эхлээд эвэрлэгийг хангалттай бус чийглэж байгаа шалтгаан, оношийг олох явдал юм. Харин үүний дараа эмчилгээг зөв хийх хэрэгтэй аж. Гэвч энэ нь зарим толхиолдолд боломжгүй байдаг байна. Учир нь зарим хэрэглэж буй эмийн нөлөөнөөс үүдсэн нүдний хуурайшилтаас зайлах аргагүйд хүрдэг гэнэ. Энэ тохиолдолд хиймэл нулимс орлуулагч хэрэглэх бөгөөд энэ нь эвэрлэг болон салстыг чийглэж хучсанаар хатахаас хамгаалж өөрийн нулимсны дутагдлыг нөхдөг байна.

Орчин үед олон төрлийн хиймэл нулимс бий болсон. Үүнийг зөвхөн нүдний эмчийн заавраар хэрэглэх ёстой.

Эмчлэхгүй бол яах вэ

Шаардлагатай эмчилгээг хийлгээгүйгээс өвчин хүндэр-дэг. Өвчнийг гурван үе шатанд хуваан авч үздэг аж.
I үе шат. Үүнийг хөнгөн хэлбэрийн үе шат гэх бөгөөд нүд торох, хуурайших зовиурууд зөвхөн гадаад хүчин зүйлийн нөлөөнд үүсдэг. (Дээр дурьдсан салхи, агааржуулагчтай орчин, компьютер дээр ажиллах)
II үе шат. Дунд хэлбэрийн үе шат гэх бөгөөд өвчний шинж тэмдэг удаан хадгалагдаж нүд улайх, хорсох, өвдөх шинж тэмдэг илэрдэг.

III үе шат. Хүнд хэлбэрийнх гэнэ. Байнгын зовиур байхаас гадна эвэрлэг бүрхүүл болон салстад өөрчлөлт орж эхэлдэг. Мөн нүдний тунгалаг байдал алдагдаж байнга улайж хавагнадаг болно.

Тохирох эмчилгээг энгийн заавар, зөвлөгөөний дагуу цаг тухайд нь хийхгүй бол эвэрлэг бүрхүүлд эрози буюу өнгөц шарх үүссэнээс тунгалаг байдлаа алдаж улмаар хараа муудаж сохордог байна.

No comments:

Post a Comment