Түвшин

Monday, December 14, 2009

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?


-Шивнээ-

АНУ-д эрчүүд эмэгтэйчүүдийн сэтгэл татах чанарын талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Эрчүүдэд бараг бүгдэд нь нэг ижил төрлийн бие бялдар, зан араншинтай хүүхнүүд таалагдаж байж. Судалгааг 18-70 насны 4000 эрэгтэй, эмэгтэй хүний дунд явуулсан байна. Сайн дураар оролцсон энэ хүмүүст эсрэг хүйснийх нь 18-25 насныхны зураг үзүүлж сэтгэл татах шинжийг нь нэг бүрчлэн хэлэх даалгавар өгчээ. Эрчүүдийн дийлэнх олонх нь сэтгэл татам чанар гэдэгт гоолиг бие, дур булаам царайлаг байхыг нэрлэж байжээ. Түүнээс гадна өөртөө итгэлтэй хүүхнүүд мөн таалагддаг гэсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд санал нь хуваагдсан гэнэ. Судлаачид хүүхнүүдийн олонхид нь чухам ямар эр хүн таалагдахыг тодорхойлж чадаагүй. Түүнээс гадна дунд насныхны сэтгэлийг инээмсэглэж байгаа төрх илүү ихээр татаж байсан байна.


Сайхан хүүхэн эрчүүдийн өгөөмөр занг хөглөдөг
Эр хүнийг урьд өмнөхөөс илүү өглөгч, бэлэг өгөх дуртай болгоход юу нөлөөлдөг гэж та бодож байна. Эрдэмтэд энэ асуултад нэг л хариулт бий хэмээн итгэлтэй хэлдэг. Сайхан бүсгүйн дэргэд байгаа ямар ч эр хүн өгөөмөр зангаараа гайхуулж түүний сэтгэлийг татахыг хичээдэг. Британийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар таалагдсан бүсгүйнхээ зүрхийг байлдан дагуулахын тулд эрчүүд ийм замыг сонгодог гэжээ. Харин бүсгүйчүүдийн хувьд ийм зүй тогтол байдаггүй. Эрчүүд өгсөн бэлэг болгоноо таалагдсан сэтгэлийнхээ илэрхийлэл хэмээн үздэг. Үүгээрээ хоёр биенийхээ цаашдын харилцааг улам гүнзгийрүүлэх алхмыг хийж байна гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ. Тэгээд ч өгөөмөр зантай өглөгч эрчүүдэд дургүй хүүхэн гэж үгүй биз. Удаан үргэлжлэхгүй харилцаанд эмэгтэйчүүд хүчирхэг, зоригтой эгээ л үлгэрийн баатар шиг эр хүнийг таашаадаг бол удаан хугацаанд хамтдаа байх ханиар өгөөмөр бодь сэтгэлтнийг сонгодог нь амьдралд батлагдсан үнэн.

Инээмсэглэлийн ид шид
Их Британийн сэтгэл судлаачид сайхан инээмсэглэдэг бүсгүй эрчүүдийн зүрхийг дураараа эргүүлж чаддаг гэжээ. Тэдний хийсэн судалгаагаар инээмсэглэл гэдэг урьд өмнө тэдний байснаас хамаагүй илүү амжилтыг хосуудын харилцаанд авчирдаг болох нь нотлогдсон байна. Тэд туршилтад оролцохыг зөвшөөрсөн эмэгтэйн зургийг хоёр янзаар авчээ. Эхнийх нь будаг шунхаар чимсэн ч инээмсэглэлийн ор мөр ч үгүй. Харин хоёр дахийг нь огт будаагүй хэрнээ нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан төрхтэйгөөр авчээ. Чухам аль зураг дээрх нь сэтгэл татам буйг хэлэхийг эрчүүдээс хүссэн гэнэ.

Үр дүн нь таамаглаж байснаас нь огт өөр гарсанд эрдэмтэд гайхсанаа нуугаагүй. Учир нь судалгаанд оролцсон эрчүүдийн 70 хувь нь сэтгэл татам аятайхан бүсгүйн будаг шунхгүй ч уруул дээр нь инээмсэглэл бүжиглэж буй бүсгүйн зургийг сонгож байжээ. Түүнээс гадна тэдний 60 орчим хувь нь инээмсэглэж чаддаггүй хүүхнээс ямар ч сонирхолтой зүйл хүлээгээд нэмэргүй гэдгийг нэгэн дуугаар хариулсан байна.

Эрчүүдийн энэ саналтай хүүхнүүд ч нэгджээ. Эмэгтэйчүүдийн 73 хувь нь инээмсэглэж байгаа эр илүү аятайхан хэмээсэн байна.

Нүдний чинь хөөрхөнд
Эр хүний нүдийг хараад хүүхнүүд юу боддог вэ? Ямартай ч эргэлдсэн алаг нүдний хөөрхөн нь тэдэнд сонин санагддаггүй гэнэ. Хамгийн гол утга учрыг эр хүний нүдний хүүхэн хараа илэрхийлдэг аж.
Сексологичдын үзэж буйгаар таалагдсан залуугийн тань хүүхэн хараа ердийнхөөс томорсон харагдвал тэр тантай нэг хөнжилд орж загас наадуулахаас буцахгүй байгаагийн дохио гэнэ. Ийм нүдэнд унаж, тавьсан саналыг нь үг дуугүй дагахаар үе хүүхнүүдийн хувьд ч үргэлж таараад байдаггүй. Энэ үе бүсгүйчүүдийн үр тогтоох хамгийн өндөр эрсдэлтэй мөчтэй давхцдаг. Өөрөөр хэлбэл, чухамдаа ийм үедээ л хүүхнүүд эрчүүдийн нүдний хөөрхнийг анзаардаг гэжээ.

Дээрх дүгнэлтийг хийхдээ царайлаг аятайхан төрхтэй зургаан залуугийн зургийг эсрэг хүйснийх нь арван хүнд үзүүлжээ. Нэг хүний зургийг хэд хэдэн янзаар авахдаа хүүхэн хараа нь томорсон, дунд зэрэг, эсвэл бүр ердийн үеийнхээс багассан хэмжээтэйгээр харуулсан байна. Зургийг үзүүлэхдээ хүүхнүүдийг өөрийн нас, сарын тэмдгийн эхлэл болон үргэлжлэх хугацаа, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг эсэх зэрэг хэд хэдэн асуултад дэлгэрэнгүй хариулахыг хүссэн бөгөөд хариултыг нь эрчүүдийн зурагнаас хийсэн сонголттой нь харьцуулан дүгнэлтээ гаргажээ.

Эрчүүдийн юуг илүү үнэлдэг вэ?
Бүсгүйчүүд хайртай эр хүнээ хамгаас илүү, бас хэзээ ч давтагдахгүй цорын ганцхан гэдэгт итгэхийг хичээдэг. Тийм байгаасай ч гэж хүсдэг. Гэхдээ хүүхнүүд эрчүүдийн чухам ямар чанарыг илүү үнэлдэг бас хайртаасаа хайдаг болохыг тогтоох нэгэн сонирхолтой асуулгыг Оросын Passion.ru интернэт сайтаас явуулжээ.

Тэд бүсгүйчүүдээс эр хүний ааш араншин сайхан байх, санхүүгийн боломж, бусдыг ойлгох чадвар, итгэл даах, эсвэл сайн амраг байхын аль нь илүү чухал вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн байна. Хүүхнүүдийн дийлэнх нь дээр нэрлэсэн бүх чанар эр хүнд байх ёстой гэжээ. Бусдыг ойлгох чадвар, итгэлтэй найдвартай чанарыг асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн хувьд бараг адил буюу 15,16 хувь нь чухалд тооцсон бол 9.0 хувь нь эр хүн орондоо сайн байх, 8.0 хувь нь ааш сайхантай байхыг илүүд үзнэ гэсэн байжээ. Санхүүгийн боломж бололцоог нэгдүгээрт тавина гэсэн хариултыг оролцогчдын ердөө 4.0 хувь сонгосон. Мөн дээр нэрлэсэн чанаруудаас гадна эр хүнд ухаан, өгөөмөр, шударга нуруутай занд хүүхнүүд татагддаг. Хайртай бүсгүйгээ халамжлах, хагас үгнээс ойлгох чадвартай байхыг ч мөн л эр хүний байх гол зүйлүүдийн нэг гэдэгтэй эмэгтэйчүүд санал нэгджээ. Гэхдээ амьдрал дээр дурлал санаснаар болдоггүй. Хүүхнүүд эр хүнийг байгаагаар нь л хайрладаг. Сайн сайхан муу муухай бүхий л чанартай нь хамт.

Ягаан өнгөнөөс эрчүүд ч татгалздаггүй
Англид "Хөхний хавдрын эсрэг хамтдаа" нэртэй нэгэн байгууллага бий. Эндхийн мэргэжилтнүүд хүмүүсийн харилцаа, сэтгэл зүйн талаар сонирхолтой санал асуулга байнга явуулдаг юм. Саяхан тэд эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар өнгийн хувцас илүү таалагддаг болохыг танджээ.

Энэхүү санал асуулгад оролцсон эрчүүдийн олонх ягаан өнгийг таашаадгаа нуугаагүй гэнэ. Хоёр эр хүн тутмын нэг нь ягаан өнгийн ямар нэг хувцас өөрт нь байдаг, эсвэл тийм өнгийн гоёлтой болохыг хүсдэг гэсэн байна. Англичууд ийм өнгөнд дуртай нь ч нөлөөлдөг биз. Судалгаанд оролцсон эрчүүдийн 67 хувь нь ягаан өнгийн цамц, зангиа, оймс, эсвэл өөр ямар нэг зүйл худалдан авсан гэжээ. Түүнээс гадна өөр нэгэн сонирхолтой дүгнэлтийг судлаачид хийжээ. Эмэгтэйчүүд өөрсдөө ягаан өнгийн гоёлоос хэзээ ч татгалздаггүйтэйгээ адил хайртай хүнээ ч ийм өнгийн хувцастай байгаасай гэж хүсдэг аж. Эмэгтэйчүүдийн 63 хувь нь дурласан эрээ ягаан өнгийн цамцтайгаар төсөөлдөг гэсэн байна. Харин 16-24 насныханд таалагдсан залуу нь ягаан өмдтэй байвал илүү дэгжин харагдана гэж төсөөлдөг. Учир нь ягаан гэдэг эмэгтэйчүүдийн хувьд аятайхан дулаан сэтгэгдлээс гадна зөөлөн аядуухан төрхийг дагуулдаг гэж үздэгтэй холбоотой. Гэтэл сэтгэл зүйчид ягаан бол хөнгөн явдалтай, аальгүй дон жуануудад л таалагдах өнгө гэжээ. Моод хөөгч оддын дунд ягаан өнгийг илүүд үздэг эрчүүдийн жагсаалтыг Дэвид Бэкхэм, Рассел Брэнд нар тэргүүлдэг.

Ухаан уу, гоо үзэмж үү
Эрчүүд хүүхнүүдийн юуг түрүүлж хардаг вэ? Гоо үзэмж, ухаан хоёрын аль нь эр хүнийг илүү ихээр татдаг вэ? Дуугүй даруухан бүсгүйг үү, хөгжилтэй яриа хүүхнийг үү гэхчлэн эрчүүдийн хийдэг сонголтын талаар ч эрдэмтдийн цөөн биш судалгаа байдаг аж. Манай хойд хөршид янз бүрийн насны 1000 эрийг хамруулан нэгэн судалгаа хийжээ. Тэдний 46 хувь нь эмэгтэй хүнд хурц ухаан зайлшгүй ч дэргэдээ байгаа эрийг гомдоохгүйн тулд түүнийгээ нууж чаддаг байх ёстой гэсэн байна. 38 хувь нь бүсгүй хүний гадаад үзэмж эр хүний сонголтод нөлөөлдөг гэсэн бол, эмэгтэйлэг чанарыг илүүд үзэхээ ердөө 12 хувь нь илэрхийлжээ. Сайхан сэтгэлтэй, эр хүнийг хайрлаж чаддаг бүсгүйд судалгаанд оролцогчдын 17-20 хувь нь саналаа өгсөн.

Харин үнэнч бас тэвчээртэй чанарыг үнэлдэгт 9.0 хувь нь орсон байна. Эрчүүд өөрийн сонгосон бүсгүйд нь дээрх олон сайн чанараас гадна цэцэн цэлмэг ухаан, эрүүл саруул бие бялдар, элдэв муу зуршилгүй, хөдөлмөрч, нямбай бас алиа хошин хэрнээ төлөв даруухан байвал гэсэн тодотголуудыг нэмсэн гэнэ.

Сайхан муухайн туйл
Гэргий нь нөхрөөсөө илүү царайлаг гэр бүл бат бөх байдаг гэсэн дүгнэлтийг Америкийн сэтгэл зүйчид гаргажээ. Энэ нь эр хүн гоо үзэмжийг, эмэгтэйчүүд итгэл даах бат найдвартай түшиг тулгуурыг сонгодог амьдралын хуультай зүй тогтлоороо таарч байгаа хэрэг гэнэ. Судлаачид 82 хосыг гурван бүлэгт хуваасан. Эхний хэд нь эхнэр нь нөхрөөсөө царайлаг, хоёр дахид нөхөр нь гэргийгээсээ царай зүсээр илүү, гурав дахь бүлэгт гадаад үзэмжээрээ адилхан хосуудыг оруулжээ. Эдгээр хосууд 10 минутын турш өөрсдийн харилцаанд тулгарч буй бэрхшээл, түүнийг туулан гарах арга замын талаар хоорондоо ярилцах ёстой. Тэдний яриаг сэтгэл судлаачид сонсож дүгнэлт гаргах үүрэгтэйгээр туршилтыг явуулсан аж. Ингэхэд гэргий нь нөхрөөсөө илүү царайлаг гэр бүлүүд асуудалд тун амархнаар үг хэлээ ололцож нэг шийдэлд хүрч чадаж байсан гэнэ. Сайхан хүүхэнтэй ханилсан эрчүүд амьдралаас хүсч байснаасаа илүүг авч чадсан гэсэн итгэлтэй байдаг учраас бурхны өгсөн бэлгийг аль болох удаан хадгалахыг хичээдэг.

Харин тааруухан эр нөхөр гэсэн дүгнэлтийг царай муутай гэргийтэй ханилсан эрчүүд хүртжээ. Ийм эрчүүд асуудлыг шийдэх хариуцлагаас бултах дуртай, бурууг өөрөөсөө биш хажуудахаасаа хайдаг зантай. Царайлаг хүүхнүүд өөрөөсөө илүү сайхан залууг тэр бүр сонирхдоггүй. Тэд бусдын анхаарал халамжийг царайныхаа сайхнаар олж авдаг гэдэгтээ итгэлтэй байдаг юм. Царайлгаа мэддэг эрчүүдэд ч энэ дүгнэлт хамаатай. Тиймээс тэдний аль аль нь өөрөөсөө илүү царайлаг нэгний дэргэд өөрийгөө төсөөлдөггүй байж магадгүй.

No comments:

Post a Comment